CleanGo

Үйлчилгээний нөхцөл

CleanGo-г ашигласнаар та доорх нөхцөлийг зөвшөөрч байгаа болно.

Хувилбар: 2026-10-13

1. Нэр томьёо

“Платформ” гэж CleanGo вэбсайт, түүнтэй холбоотой үйлчилгээ, түүнийг эзэмшигчийг хэлнэ.

“Захиалагч” гэж Платформоор дамжуулан цэвэрлэгээний үйлчилгээ захиалж буй хүн, байгууллагыг хэлнэ.

“Мэргэжилтэн” гэж Платформд бүртгүүлж, захиалгын дагуу цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлж буй хувь хүнийг хэлнэ.

2. Платформын үүрэг

Платформ нь Захиалагч болон Мэргэжилтнийг холбох зуучлалын үйлчилгээ үзүүлнэ. Цэвэрлэгээний ажлыг Мэргэжилтэн өөрөө, бие даан гүйцэтгэнэ.

Мэргэжилтэн нь Платформын ажилтан биш бөгөөд Платформ болон Мэргэжилтний хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэхгүй. Мэргэжилтэн ажил авах эсэх, хэзээ ажиллахаа өөрөө шийднэ.

Мэргэжилтэн өөрийн орлоготой холбоотой татвар, шимтгэлийг хууль тогтоомжийн дагуу өөрөө хариуцна.

3. Бүртгэл ба шалгалт

Хэрэглэгч үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Өөр хүний нэр, зураг ашиглахыг хориглоно.

Мэргэжилтэн бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний зургаа заавал оруулна. Платформ үнэмлэхийг шалгаж баталгаажуулснаас хойш л Мэргэжилтэн ажил авах эрхтэй болно.

Платформ Мэргэжилтний бүртгэлийг шалгаж зөвшөөрөх, татгалзах, нэмэлт баримт (оршин суугаа хаягийн болон ял шийтгэлгүйн тодорхойлолт) шаардах эрхтэй.

Нэвтрэх эрхээ бусдад ашиглуулахыг хориглоно. Таны бүртгэлээр хийгдсэн үйлдлийг та хариуцна.

4. Үнэ, шимтгэл, төлбөр

Үйлчилгээний үнийг Платформ талбайн хэмжээ (м²), үйлчилгээний төрөл, нэмэлт сонголтод үндэслэн тогтооно. Захиалга баталгаажсаны дараа үнэ өөрчлөгдөхгүй.

Байрны бодит талбай, бохирдлын түвшин захиалгад заасан мэдээллээс илт зөрүүтэй бол Мэргэжилтэн ажлыг эхлүүлэхээс өмнө татгалзах, эсвэл Платформоор дамжуулан үнийг шинэчлэх хүсэлт гаргаж болно.

Платформ үйлчилгээний үнийн 15%-ийг шимтгэл болгон авч, 85% нь Мэргэжилтэнд ногдоно. Шимтгэлийн хувийг өөрчлөх бол урьдчилан мэдэгдэнэ.

Захиалагч Мэргэжилтэнд шууд төлсөн тохиолдолд Платформын шимтгэлийг Мэргэжилтний урьдчилан цэнэглэсэн кредитээс (1 кредит = 1₮) хасна. Кредит хүрэлцэхгүй бол Мэргэжилтэн шинэ ажил авах боломжгүй.

Багаар гүйцэтгэсэн ажлын төлбөрийг Захиалагчаас хүлээн авсан ахлагч нь систем дээр тооцсон хуваарийн дагуу багийн гишүүдэд ажил дууссан өдөрт нь олгоно.

Ашиглаагүй кредитийг Мэргэжилтэн хүсэлт гаргасан тохиолдолд Платформ 14 хоногийн дотор буцаан олгоно.

5. Платформоос гадуур тохиролцох

Платформоор дамжин танилцсан Захиалагч, Мэргэжилтэн хоорондоо Платформыг тойрч, шууд тохиролцож үйлчилгээ авах, үзүүлэхийг анхны танилцсанаас хойш 12 сарын хугацаанд хориглоно.

Энэ заалтыг зөрчсөн нь тогтоогдвол Платформ тухайн бүртгэлийг хаах бөгөөд зөрчил гаргасан этгээдээс алдагдсан шимтгэлтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.

6. Цуцлах, татгалзах

Захиалагч ажил эхлэхээс өмнө захиалгаа цуцалж болно. Мэргэжилтэн гарч ирсний дараа цуцлах, эсвэл давтан цуцлах тохиолдолд Платформ цаашдын захиалгыг хязгаарлах эрхтэй.

Онлайн төлбөр нэвтэрсний дараа ажил эхлэхээс өмнөх тодорхой хугацаанд цуцалбал цуцлалтын хураамж ногдуулж болох бөгөөд энэ тухай урьдчилан мэдэгдэнэ.

Захиалагч ирэх гэж буй Мэргэжилтнийг солиулж болно. Энэ тохиолдолд захиалга бусад Мэргэжилтэнд дахин нээгдэнэ.

Мэргэжилтэн авсан ажлаасаа ажил эхлэхээс өмнө татгалзаж болох боловч давтан татгалзвал зэрэглэл буурах, бүртгэл түр хаагдах үндэслэл болно.

7. Баг, ахлагч

Нэгээс олон хүн шаардлагатай ажлыг Платформоос “Ахлагч” эрх олгосон Мэргэжилтэн авна. Ахлагч эрх авахын тулд ял шийтгэлгүйн тодорхойлолт болон баталгаажсан үнэмлэх шаардлагатай.

Ажилд зөвхөн Платформд бүртгэлтэй, үнэмлэхээ баталгаажуулсан, тухайн захиалгад нэр нь бүртгэгдсэн Мэргэжилтнүүд очно. Бүртгэлгүй хүнийг дагуулж очих, ажлаа бусдад шилжүүлэхийг хатуу хориглох бөгөөд зөрчвөл бүртгэлийг шууд хаана.

Захиалагч ирэх багийн бүрэлдэхүүнийг захиалгын хуудаснаас харах бөгөөд жагсаалтад байхгүй хүнийг гэртээ оруулахгүй байх эрхтэй.

Ахлагч нь өөрийн багийн гишүүдийн ажлын чанар, ёс зүй, тэдний учруулсан хохирлыг тухайн гишүүнтэй хамтран хариуцна.

Ажлын хөлсийг Платформ багийн гишүүдэд тэнцүү хуваарилж, тус бүрийн орлого, үнэлгээг тусад нь бүртгэнэ.

8. Ажлын чанар, гомдол

Захиалагч ажлын чанарт гомдолтой бол ажил дууссанаас хойш 24 цагийн дотор Платформд мэдэгдэнэ. Платформ хоёр талаас тайлбар авч, дахин цэвэрлүүлэх эсвэл бусад шийдлийг санал болгоно.

Үнэлгээ, сэтгэгдэл нь бодит туршлагад үндэслэсэн байна. Хуурамч, доромжилсон, хувийн мэдээлэл агуулсан сэтгэгдлийг Платформ устгах эрхтэй.

9. Эд хөрөнгө, хохирол

Мэргэжилтэн ажлын явцад өөрийн буруугаас учруулсан хохирлыг хууль тогтоомжийн дагуу өөрөө хариуцна.

Захиалагч бэлэн мөнгө, үнэт эдлэл, бичиг баримт зэрэг үнэ цэнэтэй зүйлсээ ажил эхлэхээс өмнө хамгаалалттай газар хадгална. Эвдрэх магадлалтай, онцгой арчилгаа шаардах эд зүйлийн талаар урьдчилан мэдэгдэнэ.

Мэргэжилтнүүд ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа байрны зургийг авч Платформд оруулна. Эдгээр зургийг зөвхөн маргаан шийдвэрлэх зорилгоор ашиглана.

Хохирол, алдагдал гарсан бол 24 цагийн дотор Платформд мэдэгдэнэ. Платформ асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллаж, хуулийн байгууллагын хүсэлтээр холбогдох мэдээллийг гаргаж өгнө.

Платформ нь Мэргэжилтэн, Захиалагчийн үйлдэл, эс үйлдэхүйгээс үүссэн хохирлыг өөрийн буруутай үйлдэлтэй холбоогүй тохиолдолд хариуцахгүй.

10. Аюулгүй байдал, ёс зүй

Мэргэжилтэн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөлд (өндөр давхрын цонхны гадна тал, хамгаалалтгүй цахилгаан, түрэмгий тэжээвэр амьтан, дарамт) ажиллахаас татгалзах эрхтэй.

Захиалагч ус, цахилгаан, байранд нэвтрэх боломжийг хангана. Аль ч талыг дарамтлах, доромжлох, ялгаварлан гадуурхахыг хатуу хориглох бөгөөд зөрчвөл бүртгэлийг шууд хаана.

11. Хувийн мэдээлэл

Платформ таны нэр, утас, и-мэйл, хаяг, байршил, зураг зэрэг мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдлыг хангах, гомдлыг шийдвэрлэх зорилгоор Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу цуглуулж, боловсруулна.

Захиалагчийн яг хаяг, утасны дугаарыг зөвхөн тухайн захиалгыг авсан Мэргэжилтэнд, Мэргэжилтний нэр, зураг, утсыг зөвхөн тухайн Захиалагчид харуулна. Хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

Та өөрийн мэдээллийг үзэх, засах, устгуулах хүсэлт гаргаж болно. Хуулиар хадгалах шаардлагатай мэдээллийг хуульд заасан хугацаанд хадгална.

12. Хариуцлагын хязгаар

Платформын хариуцлага нь аливаа тохиолдолд тухайн захиалгаас Платформын авсан шимтгэлийн хэмжээнээс хэтрэхгүй. Платформ шууд бус хохирол, ашиг алдсаныг хариуцахгүй.

Техникийн саатал, интернэт тасалдал, давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн доголдлыг Платформ хариуцахгүй боловч аль болох хурдан арилгахыг хичээнэ.

13. Бүртгэл хаах

Энэхүү нөхцөлийг зөрчсөн, хуурамч мэдээлэл өгсөн, гомдол давтан ирсэн, үнэлгээ тогтмол доогуур байгаа тохиолдолд Платформ бүртгэлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр түр болон бүрмөсөн хаах эрхтэй.

14. Нөхцөл өөрчлөх, маргаан

Платформ энэхүү нөхцөлийг өөрчилж болох бөгөөд өөрчлөлтийг вэбсайтад нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Өөрчлөлтийн дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах нь шинэ нөхцөлийг зөвшөөрсөнд тооцогдоно.

Маргааныг талууд эхлээд харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ. Тохиролцоонд хүрээгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.